ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
alt text

http://mongolnews.mn/1p62

alt text

НҮҮРСНЭЭС ХИЙН ТҮЛШ ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

Утааны “салбарт” шинэ түүх эхлүүлж магадгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг ажлын эзэн нь “Гранд повер” компани. Тэд энэ өвөл нүүрснээс гаргаж авсан хийн түлшээ нийслэл дэх зарим байгууллага, аж ахуйн нэгжид нийлүүлж магадгүй гэх сураг сонсогдсон.

Шахмал түлш харж суусаар утааг хяналтаасаа алдчихсан манайхан өдгөө хийн түлшинд найдлага тавьж буй. Энэ найдлага бодитой, эсэхийг нягтлахаар тус компанийнхан хэрхэн ажиллаж байгааг сонирхсон юм. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Нүүрсний хийн үйлдвэр байрлаж байна.

Нүүрс түлэхээ болиод хийгээр байраа халаана гэхэд итгэх хүн олон биш. Тэгвэл энэ өвөл иймэрхүү ойлголтыг эвдэж, манайхан хийн түлш үйлдвэрлэж, ашиглаж чадахыг харуулахаар ажиллаж буй гэнэ. Гэхдээ үйл ажиллагааны хүрээ нь тийм ч өргөн бус.

Нэг байгууллагын нам даралтын гурван зуухны яндангаас гарах утааг бууруулах хэмжээнд аж. “Нийслэлийн оршин суугчид үнс, тоос бужигнасан, утаатай бохир агаараар амьсгалж байна”, “Утаа амьсгалын замыг өвчлүүлэх төдийгүй урагт ч нөлөөлж эхэллээ” гэх. Утаанаас болж нийгэмд тулгамдсан олон асуудлыг богино хугацаанд, бага хөрөнгөөр шийдэхийн тулд “Гранд повер” компани нийслэлийн гэр хорооллын айлуудад нүүрсний хий нийлүүлэхээр төлөвлөсөн юм байна.

Гэхдээ үүнд үнэмшихгүй, аюултай гэж айх хүн цөөнгүй. Тиймээс том зорилгоо хэрэгжүүлэхийн өмнө тэд иргэдийн дундах буруу ойлголт, айдсыг залруулах, хийн ач холбогдлыг таниулахын тулд энэ өвлөөс нүүрсний хийгээ “нээж” байгаа аж. “Гранд повер” компани Нүүрсний хийн үйлдвэрээ өнгөрсөн оны есдүгээр сард өөрсдийн хөрөнгөөр байгуулжээ.

Уг үйлдвэр нь жилд 20 сая шоо метр хий үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнгөрсөн хугацаанд засварын цех, оффис болон хөрш зэргэлдээ “Гранд байшин” компанийн Байшин үйлдвэрлэх комбинатад бүтээгдэхүүнийхээ дөнгөж 30 орчим хувийг нийлүүлж байжээ. Өөрийн талынхнаас өөр хэрэглэгчгүй байсан гэсэн үг. Үйлдвэрийн ойр орчимд тогтмол ажилладаг аж ахуйн нэгж ховор тул нийлүүлэгч олж чадаагүй гэнэ.

Харин энэ жил Цэвэр агаарын сангаас ажлыг нь дэмжиж, хэрэглэгч олж өгсөн байна. Тэр нь Хилийн цэргийн 151 дүгээр анги. Үйлдвэрээс 3.5 км зайтай тус байгууллагын нам даралтын гурван зуухыг “Гранд повер” хийгээр хангана. Ингээд тэд ирэх сарын 1-нээс Хилийн цэргийн 151 дүгээр анги, “Гранд байшин” компанийн Байшин үйлдвэрлэх комбинат, “Гранд повер” компанийн засварын цехүүд, оффисыг нүүрсний хийгээр хангахаар өдгөө их засвар хийж байна.

Үйлдвэрээ байгуулснаас хойш өдий хүртэл туршилт, судалгаа хийсэн бол одооноос ямар нэгэн саад, доголдолгүй ажиллуулахад бэлдэж, найдвартай байдлаа хангаж буй гэнэ. Дээрх гурван аж ахуйн нэгжийн нүүрсний хэрэглээ 1000 айлынхтай тэнцэх тул агаарт дэгдэх хорт бодисыг бууруулахад багагүй хувь нэмэр оруулах аж.

“Анх удаа хариуцлагатайгаар, албан байгууллагад бүтээгдэхүүнээ нийлүүлж буй нь хийн түлш хэрэглэх боломжтой, аюулгүй гэдгийг олон нийтэд харуулна” гэж тэд үзэж байна. Үүний тулд аюулгүй ажиллагаагаа сайтар хангахаар хий алдагдлын мэдрэгч, автомат хаалт, тоолуур зэргийг нийлүүлж буй. Мөн Хилийн цэргийн 151 дүгээр анги хүртэл шугам сүлжээ татахаар материалаа захиалсан, энэ сарын 8 гэхэд авчраад угсарч эхлэх гэнэ.

Хийнд агуулагдаж буй элементүүдэд элэгддэггүй учраас полиэтилен хоолойгоор дамжуулах болжээ. Хоолойгоо үерийн далан дагуу хоёр метр гүнд суурилуулах гэнэ. Тавих явцад нь авто зам нэг удаа, төмөр замыг бас нэг удаа хөндлөн огтлох төлөвлөлтийг тэд гаргасан байна. Гэхдээ зам сэтлэхгүй, газар доогуур сүвлэж тавих технологи ашиглах болжээ. Нүүрс хийжүүлэх үйлдвэр цагт хоёр тонн нүүрсээр 2000 шоо метр хий үйлдвэрлэх чадалтай. Бүх үйл ажиллагаа нь автомат.

Хийжүүлэх, тоос барих, агаарын хөргөгч, давирхай, чийг барих гэсэн дамжлагаар ийм түлш “төрнө”. Мөн үйлдвэрийнхээ гадна 3000 шоо метр хий хадгалах савтай юм байна. Үйлдвэрлэлдээ Багануурын нүүрс ашиглаж байгаа. Хий болгох ажиллагаанд нүүрсний шинж чанар төдийлэн чухал бус, харин нунтаг л байж болдоггүй аж. “Багануур” компани өөрсдөө шигшээд өгчихдөг, шаардлага гарвал тэднийх өөрсдөө ч давтан шигших нь бий гэнэ.

Хийжүүлэх, тоос, давирхай, чийг барих зэрэг дамжлага даваад хий болсон нүүрснээс давирхай, барьцалдсан үнс л үлддэг. Бүрэн хүчин чадлаараа тасралтгүй ажиллавал жилд 20-30 тонн давирхай гарах гэнэ. “Гранд повер”-ынхан түүнийгээ хаялгүй, станцуудад мазутын оронд нийлүүлэх болжээ. Мазут үнэтэй, давирхай түүнээс хэд дахин хямд учраас станцууд авах сонирхолтой байгаа гэсэн. Үнэхээр мазутыг орлуулж хэрэглэж болохыг ч нотолчихсон аж.

Мөн нүүрс хийжүүлэхэд гарах барьцалдсан үнсийг нь барилгын материал үйлдвэрлэхэд ашиглах юм байна. “Хийн үнэ нүүрснийхээс төдийлэн ялгаагүй, бараг адил ч хорт утаа гаргахгүй гэдгээрээ давуу” гэж тус компанийнхан хэлэв. Энэ удаа тэд хийгээ зарахгүй, Хилийн цэргийн 151 дүгээр ангийн худалдаж авсан нүүрсийг нь хий болгож өгөх нөхцөлөөр хамтран ажиллах болжээ. “Ирэх жилээс нэг шоо метрийг нь 50 төгрөгөөр үнэлж зарах болов уу” гэж байв.

Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг нь одоогоор 35 орчим төгрөгөөр хэмжигдэж буй аж. Улаанбаатарын утааны багагүй хувийг гэр хорооллын айлууд болон албан байгууллагуудын нам даралтын зуух эзэлж, стандартаас хэд дахин илүү хорт хий ялгаруулдаг. Хотын утааны 52 хувийг гэр хорооллынхон, 10 хувийг байгууллагуудын нам даралтын зуух гаргадаг гэсэн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны судалгаа бий.

“Гранд повер” компанийнхан өнгөрсөн жил хашаандаа гурван гэр барьж, хийгээр халааж үзсэн байна. Түүнийг нь нийслэлийн Агаарын чанарын албаны Хяналт, үнэлгээний хэлтсийнхэн шалгажээ. Үр дүнд нь зуухны яндангаас гарах угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл стандартаас 43 дахин бага, хүхрийн давхар исэл болон хүхэрт устөрөгч 1.1 дахин бага байгааг тогтоожээ.

Энэ нь нүүрсний хийгээр галласан үеийн үзүүлэлт. Харин нүүрсний хийгээ байгалийнх болгочихвол хорт элементүүд нь устах үндэстэй байна. Тус компани Улаанбаатар хотыг хийгээр хангах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан аж. Нийслэлд байгаа бүх нам даралтын зуух, гэр хорооллын айл өрхийг хийгээр хангахад нийт нэг тэрбум шоо метр байгалийн хий хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Үүнээс зөвхөн гэр хорооллыг хангахад 500 сая шоо метр хий хангалттай.

Тэр хэмжээний үйлдвэрийг 500 сая ам.доллараар барих гэнэ. Тэгвэл утааныхаа ихэнхээс салах нөхцөл бүрдэнэ. Улаанбаатар хотын гэр хорооллын айл бүрийн зууханд хий өгч халаана гэвэл “Гранд повер”-ынхон үйлдвэртээ байгалийн хий болгон хувиргах төхөөрөмж нэмж суурилуулах шаардлагатай гэнэ. Нүүрсний хийн метаны агууламж нь дөрвөн хувь байдаг бол байгалийн хийнх 95 хувь. Байгаль орчинд учруулах хор нөлөө бага, цэвэр түлшинд тооцогддог учраас метаны агууламж өндөр байдаг аж.

Гэхдээ одоохондоо тийм төхөөрөмж нэмж суурилуулах нь ач холбогдол багатай талаар компанийн ерөнхий менежер Б.Батдэлгэр “Хэтэрхий өндөр өртгөөр бага хий үйлдвэрлэх болно. Манай үйлдвэр жижиг учраас энэ жилийн тухайд ганц байгууллагын нам даралтын гурван зуухыг халаана.

Боломж бүрдвэл ирэх жилээс үйлдвэрээ өргөтгөж, тухайн объект орчмын нам даралтын зуухтай албан газруудад нийлүүлж болно.

Харин гэр хорооллын айлуудад өгөхийн тулд эхний ээлжинд эрх зүйн орчноо бий болгох шаардлагатай. Хийгээ яаж авах, аюулгүй ажиллагааг хэрхэн мөрдөх зэргийг боловсронгуй болгох ёстой” гэсэн юм.

worker

Бид эрдэс боловсруулалт, уул уурхайн олборлолт, эрчим хүч үйлдвэрлэл, эрчим хүчний барилга угсралт, төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, дэд бүтцийн барилга байгууламж угсралт, тэдгээрийн зөвлөх үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.