ТӨСӨЛ

"ГРАНД ВИЛЛАЖ" ТАУН ХАУС ХОТХОН

alt text

“Гранд Виллаж” хотхон бол Европ стандартын 3-н давхар 119 айлын Таун Хаус хотхон юм.
Хотхон нь нийт 25н блок таун хаус, оршин суугчдын бүх ахуйн хэрэгцээг хангах хүчин чадалтай үйлчилгээний төв, хиймэл горхитой ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, цэвэр агаарт спортоор хичээллэх боломж бүхий гүйлтийн болон унадаг дугуйн зам, хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннисийн талбайтай. Оршин суугчдын ая тухтай, аюулгүй амьдрах орчинг бүрэн цогцоор нь шийдэж өгснөөрөө онцлог юм.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ, ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

  • Хотын төвөөс 14 км
  • Хөрсний бохирдолгүй, цэвэр агаар
  • Төвийн дулаан, цахилгаанд холбогдсон
  • Угсармал төмөр бетон технологи
  • Айл бүрт автомашины 2 граж, гадна 2 зогсоол
  • Айл бүр өөрийн эдэлбэр газартай, хүссэн цэцэг, модоо тарих боломжтой
  • Хиймэл горхи, цөөрөм бүхий ногоон байгууламж
  • Хүүхдийн тоглоомын болон сагсан бөмбөг, хөл бөмбөг, газрын теннисний талбай
  • Гүйлтийн болон дугуйн зам
  • Үйлчилгээний төв /хүүхдийн өдөр өнжүүлэх төв, эмийн сан, супермаркет, гоо сайхны салон, кофе шоп, спорт паб, билльярд, фитнес, 3 замтай бассейн, VIP кино театр/

ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

alt text

НҮҮРСНИЙ ХИЙГЭЭР ХАЛААЛТЫН ЗУУХЫГ ХАНГАЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ

Төслийн зорилго, агуулга

Төслийн хүрээнд Гранд Повер компанийн Нүүрсний хийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний хийг үйлдвэрээс хэрэглэгч хүртэл 3,5км хийн шугам хоолой татаж, аж ахуйн нэгжийн халаалтын зуухыг хийгээр хангана.

Төслийн зорилго нь:

  • Халаалтын зуухнаас үүсч буй хорт хийн бохирдлыг бууруулах, зуухны АҮК-ийг дээшлүүлэх
  • Нүүрсний хийгээр халаалтын зуухыг хямд өртөгтэй хийгээр хангаж, агаарын бохирдлын хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтойг нотлох, сурталчилах
  • Хийг шугам хоолойгоор дамжуулахыг практикт нэвтрүүлэх явцдаа анхаарах зүйлс, шаардлагатай туршлагуудыг хуримтлуулах

Төслийн үндэслэл

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын 50% нь гэр хорооллын хэрэглэгчдийн түүхий нүүрсний хэрэглээнээс, 10% нь байгууллагуудын нам даралтын зуухны утаанаас үүддэг. Мөн нүүрсний шатах явцад нүүрсний нунтаг болон үнсний хаягдал, тоосонцор их хэмжээгээр ялгарч салхинд хийсэн агаарын бохирдлыг улам бүр нэмэгдүүлдэг. Улаанбаатар хотын бүх оршин суугчид амьсгалахад төвөгтэй үнс, тоос бужигнасан, утаатай бохир агаараар амьсгалж, амьсгалын замын болон ургийн гажигт нөлөөлсөн олон төрлийн өвчнөөр өвдөх нь ихэслээ.

Энэ бүх нийгмийн тулгамдсан асуудлыг богино хугацаанд бага хөрөнгөөр оруулалтаар шийдвэрлэх шийдэл нь гэр хорооллын өрхүүдийг нүүрсний хийн түлшинд шилжүүлж, хийн шугам хоолой, түгээлтийн систем бий болгох явдал юм. Гэтэл иргэдийн дунд халаалтыг хийгээр шийдэх шийдэлд итгэл үнэмшилгүй байх, хийг аюултай гэж айх хандлага их гарч байна. Иргэдийн дундах энэ буруу ойлголтыг залруулах, хийн ач холбогдлыг таниулахаас гадна хийн хангамжийн сүлжээг бага хэмжээгээр амьдрал дээр хэрэгжүүлж, давуу болон дутагдалтай талыг бодит туршлагаас суралцах нь манай орон шиг хийн шугам сүлжээгүй улсад маш чухал юм.

Төслийг хэрэгжүүлэх ач холбогдол

Энэхүү төсөл нь байгаль орчин ба нийгмийн асар их ач холбогдолтой төсөл юм. Энэ төслөөр 1000 өрхийн жилд хэрэглэдэг нүүрсийг хэрэглэдэг 3 аж ахуй нэгжийн (Хилийн цэргийн 151-р анги, Гранд Байшин компанийн Байшин Үйлдэрлэх Комбинат, Гранд Повер компанийн механих цех болон оффисууд) халаалтын зуухыг хийгээр хангаж, яндангийн утаанаас ялгарах хорт бодисын их хэмжээгээр бууруулна.

  • Улаанбаатар хотын түүхий нүүрс хэрэглэснээс үүдсэн агаарын бохирдлыг бууруулахад хийн хэрэглээн ач холбогдлыг таниулах
  • Аж ахуйн нэгжийн халаалтыг нүүрсний хийгээр шийдвэрлэж, дулааны шугам, сүлжээ барих хөрөнгө оруулалтыг хэмнэх
  • Нүүрсний шаталтын хатуу хаягдлыг багасгах, хэрэглэгчдэд түлшний тав тухтай хэрэглээг бий болгох
  • Иргэдийн агаарын бохирдлоос үүдсэн өвчлөлийг бууруулах зэрэг нийгмийн асар их ач холбогдолтой.

Гранд Повер компанийн Нүүрсний хийн үйлдвэрийн хийн шаталтаас гарч буй утаан дээр Нийслэлийн агаарын чанарын албаны хяналт үнэлгээний хэлтсээс 2014 оны 12 сарын 13-ны өдөр хийсэн хэмжилтийн үр дүнг доорхи хүснэгтэд харуулав.

Хэмжилтийн үзүүлэлт, г/кг MNS 5216-1:2011 Стандартын үзүүлэлтүүд Гранд Повер компанийн хийн түлш Стандарттай харьцуулахад
Зуухны яндангаар гарах азотын ислүүд Стандартад байхгүй
Зуухны яндангаар гарах угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл 10г/МЖ 0,23г/МЖ 43 дахин бага
Зуухны яндангаар гарах хүхрийн давхар исэл болон хүхэрт устөрөгч 2г/кг-аас дээшгүй 1,78г/кг 1,1 дахин бага

Хүснэгт 1. Хийн шаталтаас үүссэн утааны хорт бодисын хэмжээ

Дээрх үр дүнгээс харахад хийн шаталтын үед яндангийн утаанаас гарах угаарын хийн агуулга стандарт үзүүлэлтээс 43 дахин, хүхрийн исэл 1 дахин бага байна. Улаанбаатар хотод халаалтын зуухнууд болон гэр хорооллын өрхийн зуухнууд энэ стандарт үзүүлэлтээс хэд дахин илүү хорт хий ялгаруулдаг.

Төслийг хэрэгжүүлэх байршил

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах Нүүрсний хийн үйлдвэрээс Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт орших аж ахуйн нэгжийг хийн шугам хоолойгоор дамжуулан нүүрсний хийгээр хангана. Төслийн байршлыг доорхи зурагт харуулав.

alt text

Дээрх зураг дээр шараар тэмдэглэсэн хэрэглэгчдийг төслийн хүрээнд хангана. Ногооноор тэмдэглэсэн хэрэглэгчдийг дараагийн жилээс үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэн хангах боломжтой. Хийн хоолой нь үерийн даланг дагаж тавигдана. Шугмын трассын дагуу ойр айл өрхийн хашааг түр буулгаад, хоолойг тавьсны дараа буцааж барьж өгнө. Автозамыг 1 удаа, давхар төмөр замыг 1 удаа хөндлөн огтлоно. Замыг сэтлэхгүйгээр доогуур нь сүвлэн тавьдаг технологийг ашиглахаар төлөвлөж байна.

Төслийг хэрэгжүүлэхэд туслах нөхцөл байдал

Нүүрсний хийн үйлдвэр нь жилд 20 сая шоо метр нүүрсний хий үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор зөвхөн халаалтын улиралд Гранд Байшин ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинатад хий өгч буй тул хүчин чадлынхаа дөнгөж 25%-ийг ашигладаг байна. Үйлдвэрийн ойр орчимд хүйтний улиралд тогтмол ажилладаг аж ахуйн нэгж байхгүй тул хэрэглэгч нэмж чадахгүй байна. Цэвэр Агаарын Сангаас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хөрөнгө хүчээ гаргаж буй хувийн хэвшлийг дэмжиж 3,5км урт хийн хоолой татаж, халаатын улиралд байнга ажилладаг Төсвийн байгууллагыг хийгээр хангах боломж олгон тусалснаараа иргэдийн дунд хийн хэрэглээний ач холбогдлыг таниулж, хийн хэрэглээг нэмэгдүүлэн, УБ хотын агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм. Энэ станцыг түшин байрласнаар уг төсөлд дараах туслах нөхцөл байдал бүрдэх юм.

  • Бага хөрөнгө оруулалт
  • Туршлагатай бэлэн чадварлаг ажиллах хүчин
  • Тогтворжсон үйл ажиллагаа

Төслийг хэрэгжүүлэх хууль эрхзүйн болон байгаль орчны нөлөөлөл

Хийн хэрэглээтэй холбоотой хууль,дүрэм, журам, заавар бий. Үүнд:

  • “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хууль
  • “Эрчим хүчний тухай” хууль
  • “Барилгын тухай” хууль
  • “Хийн хангамж” БНбД 42-01-04, Хийн хангамжийн угсралт БНбД 42-02-04
  • “Хийн хангамжийн угсралт” БНбД 42-02-04
  • “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”
  • “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”
  • “Үйлдвэрийн газрын барилгажилтын ерөнхий төлөвлөгөө”

Эдгээр стандарт норм, дүрэм журам дээр Нүүрсний хийн үйлдвэрийн үйл ажиллагааны зааварчилгаа, үйлдвэрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хийн хэрэглээний аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хийг хэрэглэх журам зэргийг боловсруулж мөрдүүлнэ. Мөн хэрэглэгчтэй нүүрсний хий худалдах, гэрээг байгуулна.

Төслийн технологийн тайлбар

Нүүрсний хийн үйлдвэр нь БНХАУ-д үйлдвэрлэсэн хос шатлалт нүүрс хийжүүлэгч зуухтай. Энэ хийжүүлэгч нь бүх төрлийн нүүрсэнд тохиромжтой, ачааллыг тохируулах хязгаар өндөртэй (40%), хийжүүлэлтийн бүтээмж дан шатлалт зуухнаас 5% илүү, бүтээгдэхүүний илчлэг нь 5800кЖ/м3-ээс өндөр, хийжүүлэх явцад фенолын хаягдал бага ялгаруулдаг зэрэг давуу талуудтай. Хийжүүлэгчийн төрөл нь хөдөлгөөнгүй үет агаар, уурын үлээлгэтэй холимог хий үйлдвэрлэдэг, усан цамцандаа уур үйлдвэрлэдэг, механик нүүрс өгөгч, үнс гаргах төхөөрөмжтэй.

Үзүүлэлтүүд Хэмжих нэгж Тоо хэмжээ
Зуухны их биений диаметр мм 2000
Шатах материалын ширхэглэгийн хэмжээ мм 20–40, 25–50, 30-60
Шатах материалын зарцуулах хэмжээ kг/ц 800-900
Нүүрсний хий үүсгэх хэмжээ м3/ц 2500-2800
Нүүрсний хийн илчлэг (бага) Дээд хэсэг kЖ/м3 7000
Доод хэсэг kЖ/м3 5300
Холимог kЖ/м3 6400
Зуухны гаргах амсарын температур Дээд хэсэг °С 90-150
Доод хэсэг °С 400-550
Зуухны гаргах амсарын даралт Дээд хэсэг Па 2000-3700
Доод хэсэг Па 2000-4000
Зуухны доод агааржуулах даралт Па 6000
Агаар уурын холимогийн температур °С 50-60
Усан цамцны дулаан хүлээн авах талбай м² 13.9
Усан цамцны уурын даралт MПa 0.3
Усан цамцны уурын хэмжээ kг/ц 300
Тохирох түлшний төрөл Исэлдсэн хүрэн нүүрс, барьцалддаггүй ба барьцалдах чадвар муу чулуун нүүрс

Хүснэгт 2. Нүүрсний хийжүүлэгчийн техникийн үзүүлэлт

Зуухыг БНХАУ-ын Шанси институтын патентаар үйлдвэрлэсэн болно. Энэ хийжүүлэх зуухыг нүүрсний холимог хийн зуух ч гэж нэрлэдэг. Нүүрсний хийн агуулга нь дунджаар дараах байдалтай байдаг.
CO: 20 - 25%, H2: 9-14%, CH4: 1-4%, CO2: 5-10%, O2<0.8%

alt text

Уг үйлдвэр нь 1 иж бүрдэл хийжүүлэх зуух, тоос барих циклон, агаарын хөргөгч, 2 иж бүрдэл давирхай барих цахилгаан фильтр, 2 иж бүрдэл чийг баригч, 3000 м³ хий хадгалах савтай.

alt text

Нүүрсний хийн үйлдвэр дээр төслийн хүрээнд HDSR200 маркийн 35 кПа чадалтай хийн компрессор 2 иж бүрдлийг суурилуулсан. Мөн хэрэглэгчдийн аюулгүй ажиллагааг хангах хийн алдагдлыг мэдрэгч, автомат хаалт, хийн тоолуур, форсунка зэргийг нийлүүлж, хийн хангамжийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.

БАЙШИН ҮЙЛДВЭРИЙН КОМБИНАТЫН БАРИЛГА УГСРАЛТ

alt text

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Энэхүү төслийн зорилго нь жилд 9 давхар, 5 байшин үйлдвэрлэх хүчин чадалтай байшингийн үйлдвэрийг чанарын өндөр түвшинд, яаралтай 4 сарын хугацаанд түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр угсарч, туршилт тохируулгын ажлыг хийх юм.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ, ХЭРЭГЖИЛТ

Уг үйлдвэр нь Герман улсын Weiler компанийн нийлүүлсэн угсармал бетон барилгын нүхтэй дээврийн хучилтын хавтан үйлдвэрлэх 100м урт хос хатаалгын шугамтай экструдер машин, уг замыг цэвэрлэх машин, ханын хавтан үйлдвэрлэх чичэргээт тавцангууд, барилгын багана болон дам нуруу, шат үйлдвэрлэх хэв хашмал бетон зуурмагийн үйлдвэр, бетон зуурмагийг хуваарилах төхөөрөмжүүд, дулаанаар хангах системээс бүрдэнэ. Манай хамт олон уг үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэн, тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь угсарч, туршилт тохируулгын ажлыг хийж хүлээлгэн өгөв.

ТӨСЛИЙН ҮР ДҮН

Төслийн үр дүнд манай хамт олон үйлдвэрийг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр барьж байгуулах, төслийн менежментийг цогцоор явуулах туршлага хуримтлууллаа. Мөн энэ үйлдвэрийн дулааны хэрэглээг орчин үеийн шинэ технологи болох нүүрсний хийгээр шийдсэн нь үйлдвэрийн дулааны ашигт үйлийн коэффициентийг өсгөж, бага нүүрсээр их дулаан үйлдвэрлэх давуу талтайгаас гадна нүүрс хийжүүлэлтийн төрөл бүрийн туршилт явуулах, энэ төрлийн төхөөрөмжтэй ажиллах туршлага суух боломжуудыг бидэнд олгож буйгаараа ихээхэн үр ашигтай юм.

ЦАХИЛГААН ЭКСКАВАТОРЫН УГСРАЛТ
HR495

alt text

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Манай экскаватор угсралтын баг 2011 онд 61.2 м³ шанаганы багтаамжтай, 20.1 м өндөр, 1300 тонн жинтэй, 3300 кВт суурилагдсан хүчин чадалтай, Бисайрус Азиа ХХК-ийн Оюу Толгой төсөлд нийлүүлж буй 2 иж бүрдэл HR 495 цахилгаан экскаваторын угсралтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ, ХЭРЭГЖИЛТ

Энэхүү экскаватор угсралтын төсөл нь Оюу Толгойн уурхайн талбай дээр Бисайрус Азиа компанийн экспертүүдийн зааварчилгаатай хэрэгжсэн юм. Манай компаниас 10 механикч, 5 гагнуурчин, 5 цахилгаанчин, 2 англи хэлний орчуулагч гэсэн нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг 2011 оны 11сараас 2012 оны 09 сар хүртэл 28/14 гэсэн ажлын өдрийн хуваарьтай ажиллан, ажлын 108 хоногийн дотор 2 экскаваторын угсралтын ажлыг бүрэн хийж дуусгасан юм.

ТӨСЛИЙН ҮР ДҮН

Угсралтын явцад манай гагнуурчид олон улсын стандарт шаардлагыг хангасан гагнуур хийж, олон улсын хэмжээний чадвартай гагнуурчдын мэргэжлийн үнэмлэх авсан нь цаашдын экскаватор угсралтын ажилд туслах чухал явдал болсон юм. Энэхүү төслөөр Монголын компаниуд нарийн мэргэжлийн угсралтыг олон улсын чанарын түвшинд, цаг хугаанд нь найдвартай гүйцэтгэх чадвартай гэдгийг нотолсон нь хамгийн том амжилт болсон гэж бид дүгнэдэг.

ДҮГНЭЛТ

Угсралтын ажлын явцад манай инженер техникийн ажилчид гадаадын зөвлөхүүдийн хэмжээний мэдлэгтэй, чадвартай болох нь харагдаж байсан. Тиймээс манай экскаваторын угсралтын баг энэхүү төслөөр суралцсан шинэ мэдлэгээ цааш өргөжүүлж, ОХУ-ын хуучны загварын экскаватор ба орчин үеийн барууны технологийн шинэ экскаваторын технологийн дундаас хямд өртөгтэй, үйл ажиллагааны функци сайтай шинэ экскаватор үйлдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна. Мөн манай инженер техникийн баг экскаваторын төрөл бүрийн засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж үйлчилж байна.

НҮҮРС БЭЛТГЭХ ҮЙЛДВЭР

alt text

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Манай компани жилд 9.6 сая тонны хүчин чадалтай нүүрс бэлтгэх үйлдвэрийн барилга угсралтын ажлыг иж бүрнээр нь хийж гүйцэтгэсэн. Төслийн зорилго нь үйлдвэрийн угсралтын ажлыг зургийн дагуу цаг хугацаанд нь чанартай хөдөлмөр хамгаалалын олон улсын стандартыг баримталж гүйцэтгэх юм.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ, ХЭРЭГЖИЛТ

Төслийн захиалагч нь Канадын хөрөнгө оруулалттай Саусгоби сэндс ХХК-ний Овоот толгойн нүүрсний уурхай, төслийн удирдагч нь Австрали АНУ-ын хамтарсан Аусенко Таггарт компани ажиллаж, Гранд Повер үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмжийн угсралт, цахилгааны угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэж, технологийн туршилтын явуулж, ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Тус үйлдвэр нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах нүүрсний уурхай дээр байрладаг.

ТЕХНОЛОГИЙН ТАЙЛБАР

Уурхайгаас түүхий нүүрс ачигдан бункерт ачаалагдана. Бункерээс нүүрс хавтант тэжээгүүрээр дамжин 2000мм өргөнтэй 90м урттай туузан дамжуулга дээр унана. Туузан дамжуулга 2000тн.ц хүчин чадалтай эргэдэг бутлуурт нүүрсийг өгнө. Эргэдэг бутлуур нь нүүрсийг -50мм хүртэл буталж, чулуунаас ангилдаг. Эргэдэг бутлуураас нүүрс болон чулууны хаягдлын хоёр хөдөлгөөнт туузан дамжилгаар гарч овоологдоно.

alt text

Төслийн үр дүн

Энэхүү төслийн угсралтын ажлыг бид цаг хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн нь гадаад компаниудад дотоодын компаниудын чадвар, зохион байгуулалтын талаарх эерэг ойлголт өгч, хамтран ажиллах олон санал хүлээн авах эхлэл нь болсон. Мөн манай инженер техникийн ажилчид гадаадын экспертүүдтэй нягт хамтран ажилласны дунд олон улсын төслийн менежмент хийх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг ягштал мөрдөх туршлага хуримтлуулсан нь мэдлэгийн санд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.

Дүгнэлт

Энэхүү төсөл нь 3 шаттай хэрэгжих нүүрсний хуурай баяжуулалтын үйлдвэр байсан ба захиалагч компанийн хөрөнгө мөнгөний боломжгүйн улмаас зөвхөн эхний шат нь хэрэгжсэн. Хэдий тийм боловч эхний шатны эргэдэг бутлуур нь нүүрсийг хатуу хольцоос нь 70% ялгаж, -50мм хүртэл бутладаг тул зөвхөн технологийн энэ хэсгийг дангаар ашиглах боломжтой юм. Аусенко Таггарт компанийн төслийн төлөвлөлт, хэрэгжилт, уялдаа холбоо, хоорондын харилцаа холбоо нь дэлхийн хэмжээний компанийн үлгэр дууриаллыг бидэнд үзүүлж чадсан юм.

ХҮРЭН НҮҮРС ХАТААХ ҮЙЛДВЭР БА 2КМ УРТ ТУУЗАН ДАМЖУУЛГА

alt text alt text

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Энэхүү хүрэн нүүрс хатаах, хатаасан нүүрсийг уурхайн дотор 2 км зайд туузан дамжуулгаар тээвэрлэх төсөл нь дараах зорилготой хэрэгжсэн юм.

  • Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний чийглэгийг бууруулж, илчлэгийг 2800 ккал/кг-аас 3500 ккал/кг хүргэж, нүүрсний үнэ цэнийг дээшлүүлэх
  • Шидэлтийн аргаар нүүрс хатаах зардлыг багасгах
  • Өвлийн улиралд тээвэрлэлтийн явцад нүүрс хөлдөх барьцалдах асуудлыг шийдвэрлэх
  • Уурхайн нүүрсний дотоод тээврийн зардлыг хэмнэх

ТӨСЛИЙН БАЙРШИЛ ХЭРЭГЖИЛТ

Хүрэн нүүрс хатаах үйлдвэр нь Шивээ-Овоогийн уурхайн талбай дээр байрласан. 2 км урт туузан дамжуулга нь Хатаах үйлдвэрээс уурхайн нүүрс вагонд ачих цэг хүртэл шулуун тавигдсан. Бид 2010 онд хатаах үйлдвэрийн технологийг сонголтыг хийж, үйлдвэрийн барилгыг барин, урт туузан дамжуулгын системийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Төслийн нийт хөрөнгө оруулалт 6 тэрбум төгрөг. Үйлдвэрийн жилийн ашгаар хөрөнгө оруулалт нөхөх хугацаа 1.3 жил болно.

ТЕХНОЛОГИЙН ТОВЧ ТАЙЛБАР

Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний хатаалтанд нүүрсний шаталтын халуун утаагаар нүүрсний чийгийг бууруулдаг эргэдэг зуухыг сонгосон. Энэ технологи нь уураар хатаадаг технологитой харьцуулахад энгийн хялбар ажиллагаатай, хөрөнгө оруулалт багатай шийдэл юм. Энэ технологиор нүүрсний гадаад чийгийг 40%-иас 20% хүртэл бууруулах боломжтой боловч нүүрсний илчлэгийг хэт өсгөж, уурхайн үндсэн хэрэглэгч болох цахилгаан станцуудын шаардлагаас хэтрэх юм. Тиймээс бид нүүрсний чийгийг 10% бууруулахаар технологийн горимыг сонгосон.

alt text

Буцламтгай улт шатаалтын зуухнаас гарсан халуун утаа эргэдэг хэвтээ хэлбэрийн хатаалтын зууханд буй хүрэн нүүрсний дундуур нэвтрэхдээ нүүрсний гадаад чийгийг шингээж, цааш циклоноор орон тоосонцруудаас салгагдан яндангаар гадагшилна. Циклоны дороос гарах нүүрсний тоосонцрыг бүтээгдэхүүний гаралтын туузан дамжуулгад нийлүүлэн бүтээгдэхүүний овоолгод овоолно. Мөн хатаасан нүүрсийг шууд 2 км урт туузан дамжуулгаар дамжуулж, туузан дамжуулгын үзүүрт тавигдсан стакер дамжуулгаар овоолго үүсгэнэ.

ТӨСЛИЙН ҮР ДҮН, АШИГ

Шивээ-Овоогийн уурхайд баригдсан Хүрэн нүүрс хатаах үйлдвэр нь нүүрсийг хатаах технологи нь энгийн хялбар бөгөөд нүүрсний чийглэгийг бууруулснаар нүүрсний илчлэг өсч, шаталтын бүтээмж дээшилдэг гэдгийг нотолсон. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Шивээ-Овоогийн уурхай нүүрсний дотоод тээврийн зардлаас жилд 1 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн юм. Мөн хүрэн нүүрсний илчлэг 3500ккал/кг-д хүрч нүүрсний үнэ цэнэ нэмэгдэж, уурхайн ашиг орлого нэмэгдсэнээс гадна өвлийн улиралд нүүрс хөлдөх асуудалгүй болсон билээ.

Урт туузан дамжуулгын систем нь уурхайн дотоод тээвэрлэлтийн зардлыг 10 дахин бууруулсан дүн гарсан. Энэхүү дамжуулгын системийг говийн нар салхинаас хамгаалсан бүрхүүртэй, засвар үйлчилгээний нээлхийтэй загварчилсан нь тун оновчтой шийдэл болсон юм. Энэ төслийн технологи, тоног төхөөрөмжийн сонголтыг хийхийн тулд манай мэргэжилтэнгүүд 3 сар гаруй БНХАУ-ын 4 мужийн 10 гаруй технологийн компани, үйлдвэрлэгчтэй биечлэн уулзаж судалгаа хийсэн нь манай компанийн гадаад харилцаа болон мэдлэгийн санд ихээхэн хувь нэмэр оруулсан төсөл болсон.

УТААГҮЙ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР

alt text

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Энэхүү төсөл нь:

  • УБ хотын агаарын бохирдлыг гол үүсгүүр болох гэр хорооллын хэрэглэгчдийн түлшний шаталтыг сайжруулж, шаталтаас үүсэх хорт бодисын хэмжээг бууруулах
  • Бүрэн шаталттай, цэвэр, илчлэг өндөртэй шахмал түлшний хэрэглээг бий болгох

Зарим жижиг металлургийн үйлдвэрийн хагас коксын хэрэглээг хангах зорилготой хэрэгжсэн.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ, ХЭРЭГЖИЛТ

Жилд 50,000тн хүчин чадалтай утаагүй түлшний үйлдвэрийг 2008 онд Шарын Гол Энерго компанитай хамтран Дархан хотын үйлдвэрийн районд барьж байгуулсан. Гурван ээлжээр 30 гаруй ажилчид ажилладаг. Манай компани төслийн технологийн сонголтыг хийж, тоног төхөөрөмжийн худалдан авалтын ажлыг зохион багуулснаас гадна үйлдвэрлэлийн туршилтыг хийж гүйцэтгэсэн.

ТЕХНОЛОГИЙН ТОВЧ ТАЙЛБАР

Түүхий нүүрсийг буталж ангилан 10-50мм бүхэллэгтэйгээр хагас коксжуулах зууханд өгнө. Зуухны доторх температур 200-3500С. Хагас коксын зуухнаас үйлдвэрлэгдсэн нүүрсний хийг агаараар хөргөх төхөөрөмжөөр хөргөн цахилгаан фильтрт дамжуулж, давирхайнаас цэвэрлэнэ. Эндээс гарсан хийг хүхэргүйжүүлэгч цамхагаар дамжуулж, хүхрээс нь салгаж, хоолойгоор дамжуулахад давирхай тунахгүй, хөлдөхгүй, зэврэлт үүсгэхгүй хэмжээнд цэвэрлэнэ. Энэ цэвэр хийг хоолойгоор дамжуулж, ямар нэг үйлдвэрийн процесст хэрэглэх, цахилгаан дулаан үйлдвэрлэх боломжтой юм.

alt text

Хагас коксын зуухны доороос бэлэн болсон кокс усанд унаж хөргөгдөн, кокс гаргагчийн тусламжтайгаар зуухнаас гарч, конвейерээр дамжин бэлэн бүтээгдэхүүний овоолгод овоологдоно. Коксын +10мм бүхэллэгтэйг шууд савлан, -10мм бүхэллэгтэйг тээрэмдэж нунтаглан, холигч материалтай холин, өндөр даралтаар өндгөн хэлбэртэй шахаж, шахмал түлш үйлдвэрлэнэ.

Түүхий нүүрсээр Шарын Голынн уурхайн 4500ккал.кг илчлэгтэй чулуун нүүрсийг хагас коксжуулж 6500ккал.кг илчлэгтэй хагас коксон шахмал түлш, 1700ккал.м3 илчлэгтэй нүүрсний хий үйлдвэрлэнэ. Мөн 10кг давирхай 1тн нүүрснээс үйлдвэрлэгдэнэ. Давирхайг цахилгаан станцуудад мазутны оронд нийлүүлдэг.

ТӨСЛИЙН ҮР ДҮН, АШИГ

Манай төслийн гол үр дүн нь хагас коксон шахмал түлшээр түлшний дутуу шаталтыг багасгаж, ахуйн яндангаас ялгарч буй нүдэнд үзэгдэх хар хорт утаан хэмжээг бууруулж болдог гэдгийг нотолж харуулсан. ШГЭ компанийхний Цэвэр агаарын сангийхантай хамтран хийсэн хагас коксон түлшний болон түүхий нүүрсний шаталтаас ялгарч буй хорт утаанд хэмжилт хийсэн туршилтаар утаан дахь нүүрстөрөгчийн дан ислийн хэмжээ 80%, хүхрийн ислийн хэмжээ 50% буурсан нь тодорхойлогдсон.

Мөн гэр хорооллын хэрэглэгчид хөө тортог болдоггүй цэвэр түлшний хэрэглээг сайшааж, ийм төрлийн түлш хэрэглэх боломжтойг нотолсон. Хувийн хэвшлийн хэд хэдэн компаниуд ижил технологийн үйлдвэр байгуулж, УБ хотод нийлүүлж эхлээд байгаа ба хагас коксон түлшний улсын стандартыг боловсруулж батлуулсан байна.

НҮҮРСНИЙ ХИЙН ЦАХИЛГААН СТАНЦ

alt text

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Манай компанийн Нүүрсний хийн цахилгаан станцын төсөл нь:

  • Нүүрсний гүн боловсруулах технологийг Монгол улсад нэвтрүүлэх, таниулах
  • Нүүрсний хийн давуу талыг таниулах
  • Алслагдсан жижиг сум тосгодыг өөрийн бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй болгох
  • Нүүрсний хийжих боломжийн судалгааг бүх төрлийн нүүрсэнд явуулах

гэсэн үндсэн зорилготойгоор 2005 онд ЭХСХТөвтэй хамтран 200кВтц хүчин чадал бүхий нүүрсний хийн цахилгаан станцын төслийг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр хэрэгжүүлсэн.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ, ХЭРЭГЖИЛТ

Энэхүү үйлдвэрийг 2005 – 2006 онд УБ хотын СХД-т барьж туршаад амжилттай болсны үндсэн дээр 2006 - 2007онд Увс аймгийн Бөхмөрөн суманд шилжүүлэн барьсан юм. Үйлдвэрийг УБ хотод нийт 5000цаг туршиж, Монгол улсын 10 гаруй нүүрсний ордын нүүрсэн дээр хийжүүлэх туршилт хийж гүйцэтгэсэн. Энэ ЭХСХТөв,ийн дэмжлэгтэйгээр, БНХАУ-ын Шанси мужийн Нүүрсний химийн институттэй хамтран хэрэгжүүлсэн билээ.

ТЕХНОЛОГИЙН ТАЙЛБАР

Нүүрсний хийн станц нь Лургийн тогтмол улт хийжүүлэгч, нүүрсний хийг хөргөх цамхаг, хийн дэх давирхайг баригч цахилгаан фильтр, хийн дэх хүхрийг баригч төхөөрөмжүүд, хийн генератор, хийн генераторын яндангийн утааны халууны дулаан солилцуураас бүрдэнэ. Түүхий нүүрсийг буталж ангилаад, 15-50мм бүхэллэгтэйг босоо хэлбэрийн хийжүүлэх зуухны дээрээс хоёр хавхлагатай нүүрс өгөгчөөр тодорхой хэмжээгээр хэмжин өгнө.

alt text

Хийжүүлэх зуухан дотор нүүрс жигнэгдэх, пиролизжих, шатаах гэсэн бүсүүд үүсэх ба хамгийн доод бүсдээ үнс болон гарна. Зуухан доторх процессын температур 300-5000С орчим байна. Нүүрсийг хийжүүлэх явцад зуухны дороос усны уур болон агаарыг тохируулан үлээж, зуухны горимыг тогмтол барьдаг. Зуухнаас үүссэн нүүрсний хий хийн хоолойгоор гадагшилж, хос баганат цамхагаар орж хөргөгдөн, цахилгаан фильтрээр дамжин давирхайн хольцоос цэвэрлэгдэнэ. Цахилгаан фильтрээс гарсан хий дахин усаар бороожуулан хөргөх цамхагаар дамжин хөргөгдөөд, хүхэр барих хос цамхагаар дамжин хүхрээс цэвэрлэгдэн хийн хөдөлгүүрт өгөгдөнө.

Хийн хөдөлгүүрт орох хийн даралтыг хийн цэвэрлэгээний шугмын дунд байрлах хийн даралтат насосоор тохируулдаг. Манай үйлдвэрийн нүүрсний хийн хөдөлгүүр нь тусгайлан бага илчлэгтэй хийд зориулан загварчилсан тус бүр нь 100кВтц хүчин чадалтай. Энэ хөдөлгүүрийн яндангийн халуун утаан дээр дулаан солилцуур тавьж, 50кВТц дулаан үйлдвэрлэн, үйлдвэрлэн үйлдвэрийн дотоод хэрэглээний дулаанаа бүрэн хангадаг.

ТӨСЛИЙН ҮР ДҮН

Төслийг хэрэгжүүлснээр сум орон нутгийн өндөр үнэтэй дизель түлшний хэрэглээг орон нутгийн хямд төсөр нүүрсээр орлуулж, улсын төсвийн хөрөнгийн татаасаар ажилладаг дизель станцуудыг татаасгүйгээр ажилладаг орон нутгийн үйлдвэрлэлээр солих, 15 гаруй ажлын байр бий болгох, хийгээр дулааны зуух ажиллуулах ач холбогдлыг таниулах зэрэг олон үр дүн гарсан. Энэхүү үйлдвэр нь дизель станцын зардлаас даруй 5дахин бага зардалтай, үйлдвэрийн хөрөнгө оруулалтаа 5 жилд нөхөх боломжтой юм.

Нүүрсний хийн станцын төсөл нь нүүрсний ордтой алслагдсан жижиг сум тосгодын цахилгааны эх үүсвэрийг хангах хамгийн зохистой шийдэл болох нь нотлогдсон. Энэ үйлдвэр нь хэдэн арван км шугам татаж эрчим хүчний системтэй холбох, эсвэл импортын үнэтэй түлшээр дизель хөдөлгүүр ажиллуулснаас хэд дахин хямд зардлаар эрчим хүчний эх үүсвэртэй болох боломжийг өгч буй юм. Мөн энэ төсөл нь орон нутгийн иргэдийг ажлын байртай болгох, энэ үйлдвэрийг дагаад бусад жижиг үйлдвэрүүд (битум, тоосго, металл боловсруулалт гэх мэт) хөгжих эх суурийг тавьж буйгаар нийгэм соёлын ихээхэн ач холбогдолтой юм.

Төслийн үед хуримтлуулсан туршлага

Манай төслийн хэрэгжүүлэх явцад гарсан бэрхшээлтэй ажил орон нутгийн ажилчдыг сайтар сургаж дадалагажуулах байсан. Бид үйлдвэрээ Говь-Алтай аймгийн Алтай суманд хэрэгжүүлэхээр төлөвлөн орон нутгийн 20 гаруй залуусыг 6 сар гаруй сургаж дадлагажуулаад бэлдсэн байсан боловч, үйлдвэр барих байршил гэнэт өөрчлөгдсөний улмаас Бөхмөрөн сумын ажилчдыг сургах цаг богино байсан нь үйлдвэрийг тогтмол ажиллуулахад тун саадтай байв. Мөн энэ сумын ажилчдад урьд нь ямар нэг уурхай, хүнд үйлдвэрлэлийн газар ажиллаж байсан туршлага байгаагүй нь сургалтанд ихээхэн хүндрэлтэй байлаа.

Гэхдээ энэхүү төсөл манай компанийн инженер техникийн ажилчдад 2жил гаруй нүүрс боловсруулах үйлдвэрийн технологийн үндсэн зарчмыг ойлгох, практик дадлага хийх, энэ чиглэлийн эрдэмтэн докторуудаар хичээл заалгах, үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн нүүрсний хий, дайвар бүтээгдхүүн болох давирхайн хэрэглээг таних, хийжүүлэх үйлдвэрийн ач холбогдлыг ойлгох боломж олгосноороо манай компанийн хувьд дараагийн нүүрс боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх суурь тавьж өгсөн юм.

САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ
100 КВТ

alt text

Шинэ салхин цахилгаан станцын хөрөнгө оруулалт маш өндөр ($1200-1800/кВт) байдаг учраас Автор ХХК нь зарим өндөр хөгжилтэй орнуудын хүчин чадлыг нь нэмэх зорилгоор буулгасанн жижиг станцуудыг авчирч ашиглах санааг танилцуулж, ХБНГУ-аас 100кВт-ын хүчин чадалтай салхин генератор авчиран Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд барьж байгуулах ажлыг манай компани хариуцан ажилласан юм.

ТӨСЛИЙН ТАЙЛБАР

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь төвлөрсөн эрчим хүчний системд холбогдоогүй бөгөөд сумын төвд 3х100кВт суурилагдсан хүчин чадал бүхий дизель цахилгаан станц ажилладаг ба эндээс хангах цахилгаан эрчим хүчний үнэ 343төгрөг/кВт байдаг. Энэ сум нь 430 гаруй өрхтэй. Эрдэнэцагаан сумын төвийн салхитай хоногийн тоо 233 – 360 хоног, хамгийн их салхины хурд 24м/сек хүрдэг ба жилийн дундаж салхины хурд 5,1м/сек-ээс багагүй байдаг тул их салхины нөөцтэй бүсэд хамаарагдана.

Салхин цахилгаан станц нь цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх салхин цахилгаан үүсгүүр, эрчим хүчийг хуримтлуулах аккумляторын аж ахуйн хэсэг болон дээрх хэсэг буюу хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай хэлбэрт хувиргаж хүргэх үүрэгтэй хэсгүүдээс бүрдэнэ. Салхины хурд тодорхой хэмжээнд хүрсэн үед (3м/сек) далбаанууд эргэж эхлэх үед үүссэн эргэлтийн моментийн үйлчлэлээр асинхрон генератор эргэж эхэлнэ. Улмаар генераторын эргэлтийн тоо зохих хэмжээнд хүрсэнээр генератор талын давтамжийн хувьсгуур нь асинхрон генераторыг өдөөж, салхин цахилгаан үүсгүүр эрчим хүч үйлдвэрлэж эхэлнэ. салхин цахилгаан үүсгүүрийг гол хөдөлгөгч салхи нь байгалын эх үүсвэрээс гарч буй дуусашгүй нөөц учраас байгальд ямар ч хоргүй юм.

ҮР ДҮН

Эрдэнэцагааны салхин цахилгаан станц ашиглалтанд орсноос хойш энэ станцыг ажиллуулах мэргэжлийн хүнгүйн улмаас техникийн хэдэн хэдэн бэрхшээлд орж, манай инженерүүд очиж туслан бэрхшээлийг шийдсэний дараа олон жил зогсолтгүй найдвартай ажилласан. Жилд 700 000кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, сумын хэрэглээний 50%-ийг хангаж байсан ба 2008 онд Эрдэнэцагаан сум нь Зүүн бүсийн эрчим хүчний сүлжээнд хобогдсоноор ашиглахаа больсон юм. Хөрөнгө мөнгөний дутагдалтай байдлаас болж бид сумын хэрэглээг 50% хангасанд сумын иргэд сэтгэл дундуур байсан ч сумын дизель түлшний хэрэглээг 3 жил гаруй хэмнэсэн нь 330 гаруй сая төгрөг болсон.

ДҮГНЭЛТ

Манай орны нутгийн 70% нь хамгийн багадаа 5 – 6 м/с салхитай байдаг учир Монгол орныг салхины эх орон гэж нэрлэж болох юм. Монгол улсад ихэнх сум суурин газрууд эрчим хүчний системд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугмаар холбогдсон боловч эдгээрийг хангах эрчим хүчний эх үүсвэрийн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байна. Үүнээс гадна олон арван дизель хөдөлгүүр хэрэглэдэг уул уурхайн хотхонууд, амралт сувиллын газрууд байдаг.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хамгийн байгаль орчинд ээлтэй технологи болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, хөгжилтэй орнууд ихэнх эрчим хүчний үүсвэрээ сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэх бодлого барьж байна.. Хэдий Эрдэнэцагаан сум нь эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон ч салхины эх үүсвэрээр давхар цахилгаанаар хангах эдийн засгийн нэлээд ач холбогдолтой болохыг орон нутгийн засаг захиргаа, эрчим хүчний байгууллагууд ойлгон үргэлжлүүлэн ажиллуулах боломжоор хангаагүй нь маш харамсалтай юм.

worker

Бид эрдэс боловсруулалт, уул уурхайн олборлолт, эрчим хүч үйлдвэрлэл, эрчим хүчний барилга угсралт, төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, дэд бүтцийн барилга байгууламж угсралт, тэдгээрийн зөвлөх үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.