НҮҮРСНИЙ ХИЙГЭЭР ХАЛААЛТЫН ЗУУХЫГ ХАНГАЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ
Төслийн зорилго, агуулга
Төслийн хүрээнд Гранд Повер компанийн Нүүрсний хийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний хийг үйлдвэрээс хэрэглэгч хүртэл 3,5км хийн шугам хоолой татаж, аж ахуйн нэгжийн халаалтын зуухыг хийгээр хангана.
Төслийн зорилго нь:
- Халаалтын зуухнаас үүсч буй хорт хийн бохирдлыг бууруулах, зуухны АҮК-ийг дээшлүүлэх
- Нүүрсний хийгээр халаалтын зуухыг хямд өртөгтэй хийгээр хангаж, агаарын бохирдлын хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтойг нотлох, сурталчилах
- Хийг шугам хоолойгоор дамжуулахыг практикт нэвтрүүлэх явцдаа анхаарах зүйлс, шаардлагатай туршлагуудыг хуримтлуулах
Төслийн үндэслэл
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын 50% нь гэр хорооллын хэрэглэгчдийн түүхий нүүрсний хэрэглээнээс, 10% нь байгууллагуудын нам даралтын зуухны утаанаас үүддэг. Мөн нүүрсний шатах явцад нүүрсний нунтаг болон үнсний хаягдал, тоосонцор их хэмжээгээр ялгарч салхинд хийсэн агаарын бохирдлыг улам бүр нэмэгдүүлдэг. Улаанбаатар хотын бүх оршин суугчид амьсгалахад төвөгтэй үнс, тоос бужигнасан, утаатай бохир агаараар амьсгалж, амьсгалын замын болон ургийн гажигт нөлөөлсөн олон төрлийн өвчнөөр өвдөх нь ихэслээ.
Энэ бүх нийгмийн тулгамдсан асуудлыг богино хугацаанд бага хөрөнгөөр оруулалтаар шийдвэрлэх шийдэл нь гэр хорооллын өрхүүдийг нүүрсний хийн түлшинд шилжүүлж, хийн шугам хоолой, түгээлтийн систем бий болгох явдал юм. Гэтэл иргэдийн дунд халаалтыг хийгээр шийдэх шийдэлд итгэл үнэмшилгүй байх, хийг аюултай гэж айх хандлага их гарч байна. Иргэдийн дундах энэ буруу ойлголтыг залруулах, хийн ач холбогдлыг таниулахаас гадна хийн хангамжийн сүлжээг бага хэмжээгээр амьдрал дээр хэрэгжүүлж, давуу болон дутагдалтай талыг бодит туршлагаас суралцах нь манай орон шиг хийн шугам сүлжээгүй улсад маш чухал юм.
Төслийг хэрэгжүүлэх ач холбогдол
Энэхүү төсөл нь байгаль орчин ба нийгмийн асар их ач холбогдолтой төсөл юм. Энэ төслөөр 1000 өрхийн жилд хэрэглэдэг нүүрсийг хэрэглэдэг 3 аж ахуй нэгжийн (Хилийн цэргийн 151-р анги, Гранд Байшин компанийн Байшин Үйлдэрлэх Комбинат, Гранд Повер компанийн механих цех болон оффисууд) халаалтын зуухыг хийгээр хангаж, яндангийн утаанаас ялгарах хорт бодисын их хэмжээгээр бууруулна.
- Улаанбаатар хотын түүхий нүүрс хэрэглэснээс үүдсэн агаарын бохирдлыг бууруулахад хийн хэрэглээн ач холбогдлыг таниулах
- Аж ахуйн нэгжийн халаалтыг нүүрсний хийгээр шийдвэрлэж, дулааны шугам, сүлжээ барих хөрөнгө оруулалтыг хэмнэх
- Нүүрсний шаталтын хатуу хаягдлыг багасгах, хэрэглэгчдэд түлшний тав тухтай хэрэглээг бий болгох
- Иргэдийн агаарын бохирдлоос үүдсэн өвчлөлийг бууруулах зэрэг нийгмийн асар их ач холбогдолтой.
Гранд Повер компанийн Нүүрсний хийн үйлдвэрийн хийн шаталтаас гарч буй утаан дээр Нийслэлийн агаарын чанарын албаны хяналт үнэлгээний хэлтсээс 2014 оны 12 сарын 13-ны өдөр хийсэн хэмжилтийн үр дүнг доорхи хүснэгтэд харуулав.
Хэмжилтийн үзүүлэлт, г/кг |
MNS 5216-1:2011 Стандартын үзүүлэлтүүд |
Гранд Повер компанийн хийн түлш |
Стандарттай харьцуулахад |
Зуухны яндангаар гарах азотын ислүүд |
Стандартад байхгүй |
|
|
Зуухны яндангаар гарах угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл |
10г/МЖ |
0,23г/МЖ |
43 дахин бага |
Зуухны яндангаар гарах хүхрийн давхар исэл болон хүхэрт устөрөгч |
2г/кг-аас дээшгүй |
1,78г/кг |
1,1 дахин бага |
Хүснэгт 1. Хийн шаталтаас үүссэн утааны хорт бодисын хэмжээ
Дээрх үр дүнгээс харахад хийн шаталтын үед яндангийн утаанаас гарах угаарын хийн агуулга стандарт үзүүлэлтээс 43 дахин, хүхрийн исэл 1 дахин бага байна. Улаанбаатар хотод халаалтын зуухнууд болон гэр хорооллын өрхийн зуухнууд энэ стандарт үзүүлэлтээс хэд дахин илүү хорт хий ялгаруулдаг.
Төслийг хэрэгжүүлэх байршил
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах Нүүрсний хийн үйлдвэрээс Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт орших аж ахуйн нэгжийг хийн шугам хоолойгоор дамжуулан нүүрсний хийгээр хангана. Төслийн байршлыг доорхи зурагт харуулав.
Дээрх зураг дээр шараар тэмдэглэсэн хэрэглэгчдийг төслийн хүрээнд хангана. Ногооноор тэмдэглэсэн хэрэглэгчдийг дараагийн жилээс үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэн хангах боломжтой. Хийн хоолой нь үерийн даланг дагаж тавигдана. Шугмын трассын дагуу ойр айл өрхийн хашааг түр буулгаад, хоолойг тавьсны дараа буцааж барьж өгнө. Автозамыг 1 удаа, давхар төмөр замыг 1 удаа хөндлөн огтлоно. Замыг сэтлэхгүйгээр доогуур нь сүвлэн тавьдаг технологийг ашиглахаар төлөвлөж байна.
Төслийг хэрэгжүүлэхэд туслах нөхцөл байдал
Нүүрсний хийн үйлдвэр нь жилд 20 сая шоо метр нүүрсний хий үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор зөвхөн халаалтын улиралд Гранд Байшин ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинатад хий өгч буй тул хүчин чадлынхаа дөнгөж 25%-ийг ашигладаг байна. Үйлдвэрийн ойр орчимд хүйтний улиралд тогтмол ажилладаг аж ахуйн нэгж байхгүй тул хэрэглэгч нэмж чадахгүй байна. Цэвэр Агаарын Сангаас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хөрөнгө хүчээ гаргаж буй хувийн хэвшлийг дэмжиж 3,5км урт хийн хоолой татаж, халаатын улиралд байнга ажилладаг Төсвийн байгууллагыг хийгээр хангах боломж олгон тусалснаараа иргэдийн дунд хийн хэрэглээний ач холбогдлыг таниулж, хийн хэрэглээг нэмэгдүүлэн, УБ хотын агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм. Энэ станцыг түшин байрласнаар уг төсөлд дараах туслах нөхцөл байдал бүрдэх юм.
- Бага хөрөнгө оруулалт
- Туршлагатай бэлэн чадварлаг ажиллах хүчин
- Тогтворжсон үйл ажиллагаа
Төслийг хэрэгжүүлэх хууль эрхзүйн болон байгаль орчны нөлөөлөл
Хийн хэрэглээтэй холбоотой хууль,дүрэм, журам, заавар бий. Үүнд:
- “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хууль
- “Эрчим хүчний тухай” хууль
- “Барилгын тухай” хууль
- “Хийн хангамж” БНбД 42-01-04, Хийн хангамжийн угсралт БНбД 42-02-04
- “Хийн хангамжийн угсралт” БНбД 42-02-04
- “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”
- “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”
- “Үйлдвэрийн газрын барилгажилтын ерөнхий төлөвлөгөө”
Эдгээр стандарт норм, дүрэм журам дээр Нүүрсний хийн үйлдвэрийн үйл ажиллагааны зааварчилгаа, үйлдвэрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хийн хэрэглээний аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хийг хэрэглэх журам зэргийг боловсруулж мөрдүүлнэ. Мөн хэрэглэгчтэй нүүрсний хий худалдах, гэрээг байгуулна.
Төслийн технологийн тайлбар
Нүүрсний хийн үйлдвэр нь БНХАУ-д үйлдвэрлэсэн хос шатлалт нүүрс хийжүүлэгч зуухтай. Энэ хийжүүлэгч нь бүх төрлийн нүүрсэнд тохиромжтой, ачааллыг тохируулах хязгаар өндөртэй (40%), хийжүүлэлтийн бүтээмж дан шатлалт зуухнаас 5% илүү, бүтээгдэхүүний илчлэг нь 5800кЖ/м3-ээс өндөр, хийжүүлэх явцад фенолын хаягдал бага ялгаруулдаг зэрэг давуу талуудтай. Хийжүүлэгчийн төрөл нь хөдөлгөөнгүй үет агаар, уурын үлээлгэтэй холимог хий үйлдвэрлэдэг, усан цамцандаа уур үйлдвэрлэдэг, механик нүүрс өгөгч, үнс гаргах төхөөрөмжтэй.
Үзүүлэлтүүд |
Хэмжих нэгж |
Тоо хэмжээ |
Зуухны их биений диаметр |
мм |
2000 |
Шатах материалын ширхэглэгийн хэмжээ |
мм |
20–40, 25–50, 30-60 |
Шатах материалын зарцуулах хэмжээ |
kг/ц |
800-900 |
Нүүрсний хий үүсгэх хэмжээ |
м3/ц |
2500-2800 |
Нүүрсний хийн илчлэг (бага) |
Дээд хэсэг |
kЖ/м3 |
7000 |
Доод хэсэг |
kЖ/м3 |
5300 |
Холимог |
kЖ/м3 |
6400 |
Зуухны гаргах амсарын температур |
Дээд хэсэг |
°С |
90-150 |
Доод хэсэг |
°С |
400-550 |
Зуухны гаргах амсарын даралт |
Дээд хэсэг |
Па |
2000-3700 |
Доод хэсэг |
Па |
2000-4000 |
Зуухны доод агааржуулах даралт |
Па |
6000 |
Агаар уурын холимогийн температур |
°С |
50-60 |
Усан цамцны дулаан хүлээн авах талбай |
м² |
13.9 |
Усан цамцны уурын даралт |
MПa |
0.3 |
Усан цамцны уурын хэмжээ |
kг/ц |
300 |
Тохирох түлшний төрөл |
Исэлдсэн хүрэн нүүрс, барьцалддаггүй ба барьцалдах чадвар муу чулуун нүүрс |
Хүснэгт 2. Нүүрсний хийжүүлэгчийн техникийн үзүүлэлт
Зуухыг БНХАУ-ын Шанси институтын патентаар үйлдвэрлэсэн болно. Энэ хийжүүлэх зуухыг нүүрсний холимог хийн зуух ч гэж нэрлэдэг. Нүүрсний хийн агуулга нь дунджаар дараах байдалтай байдаг.
CO: 20 - 25%, H2: 9-14%, CH4: 1-4%, CO2: 5-10%, O2<0.8%
Уг үйлдвэр нь 1 иж бүрдэл хийжүүлэх зуух, тоос барих циклон, агаарын хөргөгч, 2 иж бүрдэл давирхай барих цахилгаан фильтр, 2 иж бүрдэл чийг баригч, 3000 м³ хий хадгалах савтай.
Нүүрсний хийн үйлдвэр дээр төслийн хүрээнд HDSR200 маркийн 35 кПа чадалтай хийн компрессор 2 иж бүрдлийг суурилуулсан. Мөн хэрэглэгчдийн аюулгүй ажиллагааг хангах хийн алдагдлыг мэдрэгч, автомат хаалт, хийн тоолуур, форсунка зэргийг нийлүүлж, хийн хангамжийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.